Хятад: 71 настай эмэгтэй бялдаржуулах урлагаар хүрэл медаль хүртэв
Анд нөхдийн мэдээ
2025-06-10
Дал гаруй насны хятад эмэгтэй бялдаржуулах урлагаар хичээллэж, тэмцээнд оролцон хүрэл медаль хүртжээ. Хонконгийн “South China Morning Post” (SCMP) сонины мэдээлснээр, 2025 оны Ухань хотын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд Анхуй мужийн Мааньшань хотын иргэн, эдүгээ 71 настай Сун Минхуй холимог төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр энэ тэмцээний хамгийн өндөр настай оролцогч байжээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө Сун гангийн үйлдвэрийн цайны газарт ажилладаг байсан бөгөөд өдөр бүрийг борви бохисхийх завгүй өнөгөрөөдөг байжсан гэнэ. Харин гэртээ суух болсныхоо дараа дугуй унах, олсонд авирах, гүйх, ууланд авирах зэрэг олон төрлийн спортыг оролдож, улмаар 67 настайгаасаа бялдаржуулах урлагаар хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр “Хөгшин хүн ч гэсэн булчингаа хөгжүүлж болдог юм. Нас бол юм бүхний хязгаар, хориг биш. Харин хөдөлгөөнгүй байх нь хөгшрөх үндэс болдог” гэжээ. Өмнө нь 2014 онд 60 настайдаа “100 хүн 10,000 маил зай” уралдаанд оролцож, багийнхантайгаа хамт Хятадын хамгийн зүүн хэсэг болох Хэйксиази арлаас хамгийн өмнөд нутгийн Санья арал хүртэл 6316 км замыг унадаг дугуйгаар 445 хоногийн дотор туулж, Гиннесийн дээд амжилт тогтоож байжээ. Тэрбээр шинжлэх ухаанч, системтэй дасгалын дэглэм барьдаг бөгөөд уургаа нөхөж авахын тулд өдөр бүр 4-5 чанасан өндөгний цагаан идэж, өөх тос, давс, элсэн чихрээс татгалдаж, долоо хоногт таваас дээш удаа дасгал хийдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.